Үндэстэн орших эсэх нь соёлын өвөөс хамаарна

0
64
Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн семинар болж байгаа билээ. Семинарын үеэр Соёлын биет бус өвийг хамгаалах хэлтсийн дарга, доктор С.Юндэнбаттай ярилцлаа.

-Соёлын биет бус өвийн талаар нэлээд ач холбогдолтой семинар болж байгаагаас яриагаа эхлэх үү?
-Манайх бол соёлын биет бус арвин өвтэй улс. Бид одоогоор нийт 86 өвийг бүртгэж аваад байна. Биет бус өвийг төлөөллийн, яаралтай хамгаалах гэж ангилдаг. Тэгэхээр яаралтай хамгаалах өвөөр 16-г нь бүртгээд байгаа. Түүнийхээ дөрвөн өвийг ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлж чадсан. Дээр нь төлөөллийн өвд тавыг бүртгүүлсэн. Өнөөдрийн семинарын ач холбогдол нь ЮНЕСКО-д ажиллаж байсан гадаадын экспертүүд ирж бидэнд хичээл зааж, цаашид ямар аргаар хэрхэн ажиллавал илүү олон өвийг бүртгүүлж болох талаар хэлж өгч байгаа юм. Өмнө нь хэдхэн хүн хөрөнгөө гаргаад морин хуур, уртын дуу гээд л санаа тавиад явдаг байсан. Тэгвэл ийм сургалт явуулж байгаа нь соёлын өвдөө анхаарал тавих хүмүүсийн хүрээг тэлэх ач холбогдолтой.
-Гадаадын экспертүүдийг та­нил­цуулбал?
-ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хэлтсийн захирал асан хатагтай Норико Айкава, Соёлын өвийн зөвлөх хатагтай Сюзан Ог нар энэ удаагийн сургалтыг удирдан явуулж байна. Сургалт дөрвөн өдөр үргэлжлэх юм.
-ЮНЕСКО-д нийт есөн өв бүртгүүлсэн гэлээ. Манай улс соёлын өвийг бүртгэдэг конвенцид хэзээ нэгдэж хэрхэн бүртгүүлсэн юм бол?
-Соёлын биет бус өвийг хамгаалах  асуудалд 1990-ээд оноос анхаарч эхэлсэн.  Монголын төр урьд нь Түүх соёлыг хамгаалах тухай хууль гэж  гаргаж байсан. Энэ нь зөвхөн биет бус соёлын өвтэй холбоотой хууль байсан л даа. Соёлын биет бус өв нь тухайн ард түмний орших уу, эс орших уу гэдгийн гол эх үндэс нь байдаг учир ЮНЕСКО-д ч хурцаар тавигдсан. Тиймээс ЮНЕСКО-гоос “Хүн төрөлхтөний утга соёл, аман үйл шилдэг дээжийг тунхаглах” гэдэг хөтөлбөрийг 2001 онд гаргаж, Монгол Улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэсэн өвөө бүртгүүлсэн. 2005 онд уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэй, Монгол Улс, БНХАУ хамтарч бүртгүүлсэн. 2003 оноос энэ хөтөлбөрөө өөрчилж, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ыг баталсан. Үүнд Монгол Улс 2005 онд нэгдэж, “Соёлын биет  бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-д өөрийн орны өвөө бүртгүүлж эхэлсэн. Энэ конвенцод дэлхийн 200 гаруй орон нэгдэн орсон байдгаас манайх “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл”-д 2009 оноос эхлэн есөн өвөө бүртгүүлж чадсан нь амжилттай хэрэг болсон. Тэр 200 гаруй орноос ганц ч биет бус өвөө бүртгүүлж чадаагүй улс орон ч бий. Одоогийн байдлаар монгол ардын баяр наадам, монгол хөөмэй гэсэн хоёр баримт бичиг ЮНЕСКО-д очоод судлагдах, хянагдах шатандаа явж байна.
-Уртын дуугаа БНХАУ-тай хамтраад бүртгүүлчихсэн. Тэгэхэд монголчууд маань маш их эсэргүүцсэн шүү дээ?
-Соёлын өв бол заавал хил хязгаараар хязгаарлагдахгүй л дээ. Тэгэхээр БНХАУ-д байгаа монгол угсаатан Өвөрмонголчууд маань ч гэсэн уртын дууг өвлөн авч үлдсэн. Тийм болохоор хэчнээн хамтран бүртгүүлсэн ч гэсэн бид цаашид тэднээс илүү уртын дуугаа хамгаалах юм бол ямар ч асуудалгүй. Төлөөллийн өвийн жагсаалтад шувуугаар ан хийхээ манайх дэлхийн 11 оронтой хамтран бүртгүүлсэн.
-“Яаралтай хамгаалах шаард­лагатай соёлын биет бус өвийн бүртгэл”-д бүртгүүлснээр ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
-Энд бүртгүүлээд маргаашнаас нь шууд нөгөө устах аюулд орсон өвөө хамгаалаад явна гэсэн үг биш. Нэг ёсондоо ЮНЕСКО-д бүртгүүлснээр манай Засгийн газар руу эндээс очсон өвөө бүртгүүлэх хүсэлт, баримт бичигт тусгасны дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгодог. Үүний дагуу Засгийн газраас хөтөлбөр боловсруулж, хамгаалдаг байгаа.
-Манайд яг одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байгаа биет бус өвийг хамгаалах ямар хөтөлбөр хэрэгжиж байна?
-Морин хуураа ЮНЕСКО-д бүртгүүлснээс хойш Засгийн газраас “Морин хуур уртын дуу” хөтөлбөр хэрэгжүүлж, Ерөнхийлөгч маань айл бүрийг морин хуураа тахих зарлиг гаргасан шүү дээ. Өнгөрсөн жил Завхан аймгийн 999 морин хуурч нэгэн зэрэг хуур эгшиглүүлсэн. Энэ бол бидний амжилт. Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар нь ч бас бий. Төсөв, хөрөнгө гаргаж өгөхгүйгээс болоод хамгаалж чадахгүй байгаа өвүүд ч байгаа.
-ЮНЕСКО-д өвөө бүртгүүлэх хүсэлтээ илгээхдээ бүрдүүлдэг баримт бичигт ямар зүйлс багтдаг юм бэ. Маш их судалгааны дүнд баримт бичигтэй болдог байх?
-Хамгийн гол нь тэр баримт бичигт тусгасан өвөө яаралтай бүртгүүлэх ёстой гэдгийг нь батлах ёстой. Тэгэхийн тулд заавал өв тээгчид, дамжуулагчидтай уулзаж, судлах хэрэг гарна. Тэгэхээр хөрөнгө мөнгө их шаарддаг л даа. Тухайлбал, хөөмэйг бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд ястан болгоны хөөмэйлдэг аргыг судлах хэрэг гарна. Монголын сум бүрээр явж судалгаа хийдэг. Тийм бодит зүйл хийж чадахгүй бол өөрсдийн өвөө бүртгүүлэх гээд олон орон дарааллаа хүлээгээд сууж байна шүү дээ.
-Одоогоор ЮНЕСКО руу явуулахаар бэлтгэж буй баримт бичиг бий юү?
-Байлгүй яахав. “Монгол цам”, “Уул овоо тахих монгол зан үйл”, “Жангар” тууль, “Ингэнд ботго авахуулах зан үйл”, “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” гээд нэр дэвшүүлэх 40 гаруй баримт бичиг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Содон сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here