Х.Нямбаатар: Засгийн газар хэрхэн ажиллах нь эхний 100 хоногт харагддаг

0
92

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг сонгосон билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас МАН-ын Бага хурлын талаар цөөн асуултанд хариулт авлаа.

МАН-ын Бага хурал хэрхэн болсон бэ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?

– Засгийн газрын үйл ажиллагааг болохгүй байна гэдгийг олж хараад, байр суурь нэгдсэн хүмүүс шүү дээ.  Засгийн газрын тэргүүнд гурван нэр дэвшигч өрсөлдөж байсан тохиолдол ер нь байгагүй. Бага хурал нийт 310 гишүүнтэй, үүнээс 294 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Энэ нь түүхэнд хамгийн өндөр ирцтэй, дотоод ардчилалтай хурал болсноороо онцлог юм. Бид өмнөх Засгийн газрын ололт амжилт, шинээр байгуулагдах Засгийн газар яаж ажиллавал 2020 онд иргэд сонгогчдын илтгэлийг олж авах вэ гэдэг шийдлийг хайсан хурал боллоо.

Шинэ Засгийн газрыг  ямар бодлого баримталж, хэрхэн ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Засгийн газар хэрхэн ажиллах нь эхний 100 хоногт харагддаг. Гацаанд ороод байсан олон шийдвэрүүдийг ажил болгоосой гэж хүсч байна. Монголбанкийг 3,5 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан хүмүүс эрх чөлөөтэй явж байна. Чингис бондын олон тэрбум төгрөгийг идсэн хүмүүс чөлөөтэй явж байна. Энэ бүхэнд хариуцлага тооцож, төрийн өөрийнхөө ой санамжийг ашиглаасай. Үүнээс гадна Засгийн газрын хамгийн гол ажил бол эдийн засгаа сайжруулах шүү дээ. Тэгэхээр  эдийн засгаа эрүүл, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлээсэй. Урд, хойд хоёр хөрштэй адил түвшинд харилцаж байх нь чухал. Үүнээс гадна өрийн менежментийг дахин хийхээс өөр аргагүйд хүрсэн. Бид эдийн засгаа борц шиг хатааж байгаад өр ширнээсээ гарах юм уу, эсвэл өрийн менежментийг дахин хийж дарамтаас гарах уу гэдэг хоёр сонголтын өмнө байна. Хоёрдугаарт, төрийн урсгал зардлыг хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг эрэлхийлэх ёстой. Мөн эдийн засгаа солонгоруулж, Тавантолгой гэдэг хэрүүлтэй газрыг нэг талд нь гаргаад төмөр замаа тавих ёстой. Зоригтой шийдэж, зөв шуурхай ажиллаасай гэж хүсч байна.

-Засгийн газрыг огцруулах  нэг үндэслэл бол концессын гэрээ байсан. Энэ асуудал цаашид хэрхэх вэ?

-Дахин хийгдэж болно. Гол нь шийдвэр гаргагчид өөрсдийн компаниудтай гэрээ хийсэн нь огцрох үндэслэл болсон. Барууны оронд бол нэг сайд албаны машинаар зусландаа хүргүүлээд, огцордог. Тэгэхээр өөрийнхөө компаниудад концессын гэрээ хийсэн гэдэг нь ёс зүйн хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болсон. Гэтэл хуучин Засгийн газрын концесс, шинэ Засгийн газрын концесс гэж матрын нулимс унагаж болохгүй юм.

                                                                                                                 Б.Хэрлэн

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here