Д.Эрдэнэболд: Хүний алтан амь, аз жаргалтай амьдралыг бүхэлд нь хариуцдаг

0
81

Өнөөдөр олон улсын эмч нарын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулаад П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Цээж, хэвлийн хөндийн дурангийн мэс засалч, Анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй алтан гарт залуухан эмч Д.Эрдэнэболдыг урьж ярилцлаа. Салбартаа өсч өндийхийн тэмүүлэл, сурч мэдэхийн хүсэл дүүрэн, чамлахааргүй туршлага хуримтлуулсан залуухан эмчийн ажил амьдралыг уншигч авхай танд хүргэж байна. 

                   Эмч мэргэжлийг эзэмшсэнээрээ үргэлжид бахархдаг

– Бидний саналыг хүлээн авсанд баярлалаа. Танд олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе. 

-Баярлалаа. Өнөөдөр олон улсын эмч нарын баярын өдөр  тохиож байна. Монголынхоо мянга мянган  эмч нарт баярын мэнд хүргэе. Өнөөдөр яаралтай мэс засал хийж,  эрдэнэт хүний  амийг аварч,  шинэ хүнээ өлгийдөн авчихаад гэрт аз жаргал өгч байгаа, хөдөө орон нутагт алсын дуудлаганд тусламж үзүүлж яваа Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй эмч нартаа баярын мэндийг хүргэе.

-Таны хаана төрж өссөн, эмч мэргэжлийг яагаад сонгох болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Би Архангай аймгийн Өндөр –Улаан суманд Дашбазар гэж аймгийн аварга малчин хүний дунд хүү болж төрсөн. Аав, ээж хоёр маань малчин хүн болохоор бага насаа эцэг, эхтэйгээ хамт өнгөрүүлсэн. Малын бэлчээрт хурга ишигтэй хөөцөлдөж, унага дааганы нуруун дээр дэрвэж, хурдны морь унаж бага насаа өнгөрөөсөн минь хамгийн сайхан дурсамжтай үе байсаан. Би 10 жилийн сурагч байхдаа сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан. Тухайн үед гэр орноосоо хол, ар гэрээс эргэлт бага ирдэг байлаа. Мөн дотуур байрны хүүхдүүд их өвддөг. Тэр үед эм тариа ховор, олдоц багатай, эмчид үзүүлэх энэ тэр гээд бэрхшээл их байдаг. Улмаар аав, ээж, саахалт айлын ах, эгч, өвөө, эмээ хүртэл  өвдөнө. Энэ үед эмч шиг хэрэгтэй хүн байхгүй юм байна гэж боддог байлаа. Манай аав, ээж хүртэл намайг бага байхад хүүгээ эмч болгоно. Сайхан мэргэжилтэй хүн болгоно гэж ярьдаг байсан. Тиймээс би бага байхын л эмч болно гэсэн мөрөөдөлтэйгөөр сургуульдаа сурдаг байлаа.

-Тэгэхээр бага байхдаа л мэргэжлээ сонгочихсон юм байна шүү дээ. Гэхдээ эцэг, эхийн мөрөөдөл зорилго үр хүүхдийнхтэйгээ нийцэж, нийлэх ховор?

-Тийм шүү. Ингээд би 10 жилийн дунд сургуулиа  төгслөө. Тэр үед Анагаах ухааны их сургуулийн хуваарь цөөхөн ирдэг байсан. Дээрээс нь  шалгалтын оноогоор байр эзлүүлж, сургуулийн хуваарь өгдөг.  Намайг төгсөх жил гуравхан хуваарь ирж байсан. Тэгэхэд аль  өндөр оноотой хүүхдүүд нь Анагаах ухааны их сургуульд ордог. Миний шалгалтын оноо их сургуульд ороход хангалттай биш байсан. Тиймээс би  Анагаах ухааны дунд сургуульд суралцах эрх авч байлаа.  Ингээд  Анагаах ухааны дунд сургуулиа дүүргээд сумынхаа хүн эмнэлэгт бага эмчээр хоёр жил ажилласан. Ажиллаж байхад алсын дуудлаганд зуны халуун, өвлийн жаварт морь, мотоцикл, машинаар явж нутгийн олондоо анхны тусламж үзүүлж эмчийн ажил хийхийн сайхныг, хариуцлагатай бэрхийг мэдэрч эхэлсэн. Миний сурсан мэдсэн зүйл эрдэнэт хүний амь насыг аврах, өвчнийг эмчлэхэд хүрэлцэхгүй, мэдлэг туршлага дутах үе олон гарч байсан өдөр бүр уншиж судлахын хэрээр анагаах ухаан сураад судлаад баршгүйг ухаарч илүү их зүйл сурах хэрэгтэйг бага эмчийн ажил надад ойлгуулсан. Эмч эмчдээ бүр сайн эмч  болохыг илүүтэй хүсч мөрөөддөг байсан. Тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад дахин сурч 2006 онд “Ач” анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмчээр төгссөн. Дараа нь дахиад сумандаа очиж  хэдэн сар ажилласан. Тэгээд 2008 оноос мэс заслын эмчээр дахин суралцсан. Мэс заслын эмч мэргэжлийг 2008 оноос эзэмшиж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгаар овоглож өнөөг хүртэл олон хүнд аз жаргал амьдрал бэлэглэдэг, бүтээлч, ажилсаг, сайхан хамт олонтойгоо нэгдэж ажиллаж байна даа.Одоо Цээж хэвлийн хөндийн дурангийн мэс засалч, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэйгээр ажиллаж байна.  Эмч бол хорвоогийн хамгийн сайхан мэргэжил гэж боддог. Хүний амьдралын аз жаргалтай байхын үндэс болсон эрдэнэт хүний эрүүл мэндийг хариуцдаг хүн нь эмч байдаг. Энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ үргэлжид бахархдаг. Мэргэжлийнхээ мөн чанар ач тусыг улам бүр мэдэрч байна. Энэ хэрээр хариуцлага шаардлагыг өөртөө тавьж, сурч мэдэх тэмүүлэл, улам ихийг хийх эрч хүчийг мэдэрч байна. Эмч бол нэг хүнийг нэг өвчнийг эмчлэх гэр бүл ах дүү төрөл төрөгсөд, хамт олныг нийгмийг эрүүлжүүлж байдаг онцлогтой мэргэжил.

-Алим модноосоо хол унадаггүй гэсэн сайхан үг бий. Тэгэхээр та  аав ээж, гэр бүлийнхээ талаар   ярихгүй юу?

-Миний аав нутаг орондоо ур ухаанаараа алдартай, уран дархан Сономдаржаа гэдэг хүний ууган хүү, доороо олон дүүтэй, таван сайхан хүүхдийг амьдралд зөв залсан, насаараа нэгдэл нийгмийн бүтээн байгуулалтын төлөө ажиллаж гурван удаагийн аймгийн сайн малчин болж байсан, аймгийн алдарт уяач, адуучин буянтай буурал байгаа. Ээж минь айлын ууган хүүхэд, аавын адил нэгдлийн мал маллаж саальчин хийж олон удаагийн аварга саальчин болж байсан хийж бүтээх хөдөлмөрлөхийн туйл болсон буурал бий. Би бага байхдаа өглөө үүрийн дөрвөн цагт босч ээждээ үнээ ивэлгэж тугал барьж өгдөг байсан. Одоо хоёр буурай маань ач зээгээ тойруулсан өнөр өтгөн ам бүлийн багана болсон, малаа маллаад нутаг орондоо налайж суугаа. Аав ээж хоёр минь биднийг эрдэм боловсролтой болгох гэж нутаг сэлгэж зам дагаж айраг сүүгээ худалдаж хүртэл сургалтын төлбөрийг минь олдог байсныг бодоход аав ээж хоёртоо баярлаад баршгүй.

Эмч мэргэжил дундаа яагаад заавал мэс заслын эмч болсон юм бэ?

-Би оюутан байхаасаа эмнэл зүйн хичээл ороод эмнэлгүүдээр явдаг байсан. Тэгээд гуравдугаар эмнэлэг дээр мэс заслын хичээлийн дадлага ордог  юм. Тухайн үед манай эмнэлгийн энэ тасагт Ж.Батболд гэж залуу чадварлаг эмч ажилладаг байсан. Тэгээд надад Ж.Батболд эмчийн жижүүртэй өдөр жижүүр хийж хонох боломж таарсан юм. Тэр өдөр цөсний хагалгаа орсон. Би тухайн үед цөсний хагалгаа яаж хийдгийг нь ч мэдэхгүй. Хагалгааг харсан боловч ойлгоогүй гарч ирсэн. Эмч маань хагалгаагаа амжилттай хийсэн. Тэгээд гарч ирэхээр нь хэрхэн хийдэг тухай асуухад цаасан дээр зураад ойлгомжтойгоор тайлбарлаж өгч байлаа. Мэс заслын эмч бүх эмч нараас хамгийн мундаг нь юм шиг оюутан надад санагдаж байсан. Энэ ах шиг мундаг мэс заслын эмч болох юмсан гэж тэр үедээ бодож байсан.  Тэр цагаас хойш дөрөвдүгээр курсээсээ Ач анагаах ухааны их сургуулийнхаа  мэс заслын клубын гишүүн болсон. Ингээд амьтан дээр туршилт судалгааны ажил хийдэг байсан. Тухайн амьтнаа унтуулж, цөсний хүүдий, мухар олгойг нь авах мэс заслыг хийж байсан даа. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилласан ч мэс заслын эмч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд  хотод ирсэн.

Өнөөдрийг хүртэл М.Ганбаатар багшаасаа болон хамт олноосоо суралцаж байна

-Анх эмнэлэгтэйгээ хэрхэн хувь заяагаа холбож байв. Дадлага хийдэг байсан учир эмнэлэгтээ ажиллах боломж олдсон юм уу?

-Ач анагаах ухааны их сургуулийн захирал Н.Баасанжав эмч анх намайг мэс заслын зөвлөх эмч Ч.Пунцаг эмчид  намайг танилцуулж, мэс заслын тасгийн эмч  У.Оргил эмчийг дагалдуулаад сургах хуваарьтайгаар сургалцаж  эхэлж Ерөнхий мэс заслын наймдугаар тасгийн хамт олонтой хувь заяагаа холбож байлаа. У.Оргил багш маань завхан аймаг руу томилогдож, өөрийн хамтран зүтгэгч миний багш М.Ганбаатар эмчид  шавь болгож өгсөн. Өнөөдрийг хүртэл М.Ганбаатар багшаасаа болон хамт олноосоо суралцаж байна. Багш нартаа үргэлж талархаж явдагаа хэлье.

-Таныг их хөдөлмөрч, бүтээлч хүн гэж сонссон. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн дагуу хэд, хэдэн улсад очсон. Мэргэжил дээшлүүлсэн гэж байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?

-2009 онд би Анагаах ухааны магистрт суралцаад тодорхой хэмжээний судалгааны ажлыг оюутан байхаасаа хийдэг байсан. Энэ чиглэлээр нэлээд сонирхдог оюутан байлаа. Энэ хүрээнд олон судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж 30 гаруй бүтээлийг сэтгүүлд нийтлүүлсэн. Түүнчлэн дотооддоо төдийгүй гадны улс орны эмч нараас шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэл их байсан учраас хамт олныхоо тусламжтайгаар 2013 онд Монгол Улс, БНСУ  хоёрын Засгийн газар хоорондын гэрээгээр эмч нарыг хөгжилтэй орнуудад суралцуулах “Сөүл”төслийн хүрээнд БНСУ-ын Намьянжу хотын Хьюндэйнэгдсэн эмнэлэгт зургаан сарын хугацаанд  хэвлийн дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Энэ хугацаанд өөрийн орны мэс заслын хөгжлийн төвшин Солонгос орны хөгжлийн төвшинг харьцуулж харж судалж сурч байлаа. Шинэ мэдлэг, шинэ технологи, арга барилыг тодорхой хэмжээгээр суралцсан. Ингэж суралцаж ирээд эмнэлгийн захиргаа, тасгийнхандаа танилцуулж,  хамтарч, дэлхий дахины хэрэгжүүлж байгаа ололттой, арга технологиудыг өөрийнхөө эмнэлэгт улс оронд нэвтрүүлэх  энэ хүсэл эрмэлзлэлээр ажиллаж ирсэн.  2013 онд хамгийн анх дурангийн мэс заслын сургалтанд хамрагдсаныхаа дараа манай Ерөнхий мэс заслын тасагт уушгины  хагалгаа цөөхөн ордог. Ингэж орохдоо нээлттэй ордог байсан. Өмнө нь хэдийгээр дурангийн мэс заслын хангалгаа ордог байсан хэдий ч цөөхөн. Тэгээд  эмч нар, тасгийнхантайгаа хамтраад, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Ганбаатар багшийнхаа тусламжтайгаар цээжний хөндийн дурангийн мэс засал, уушгины  дурангийн мэс заслыг эрчимтэйгээр хийж нутагшуулж чадсан.  Дурангийн мэс заслын онцлог нь урьд өмнө нь нээлттэйгээр 8-10 см  хавирганы завсраар зүслэг хийгээд хагалгаа хийдэг байсан. Тэгвэл одоо хавирганы завсар 1-2 см зүслэг хийгээд өндөр технологиор бүтээсэн багажийн тусламжтайгаар уушги, цээжний хөндийн дурангийн мэс заслыг хийж байна.

Ингэж хийхээр хагалгааны үеийн болон хагалгааны дараах хүндрэл бага гардаг. Өвдөлт зовиур бага байдаг. Өвчтөн мэс заслын дараа амьдралын хэвийн үйл ажиллагаа нь маш хурдан сэргэдэг давуу талтай.

Мөн БНСУ-Д сурч байхдаа бүдүүн шулуун гэдэсний мэс заслын орчин үеийн шинэ технологийг харж судлах боломж надад олдсон. Сурч ирснийхээ  дараа тасгийн эрхлэгч болон тасгийнхаа эмч нартаа хамтарч, шамбарам буюу цагаан мах гарах  өвчний орчин үеийн дэвшилтэт технологиудыг эмнэлэгтээ анх удаагаа хийж эхэлсэн. Шамбарамын зангилаанаас цус гарч байгаа судсыг латекс боолтоор боох, автомат оёгч ашиглаж шулуун гэдэсний салстын унжилт, шамбарамыг тайрах, хармоник ашиглаж шамбарам эмчлэх зэрэг бүдүүн шулуун гэдэсниймэс заслын орчин үеийн технологиудыг эмнэлэгтээ амжилттай нэвтрүүлээд байгаа.

Манай эмнэлэг 2013 онд орчин үеийн КТГ аппараттай болсны дүнд манай хамт олон дүрс оношилгооны эмч нартайгаа хамтран КТГ хяналтанд бага хүрцийн мэс ажилбар болон эд эсийн шинжилгээг хийх технологийг амжилттай хийдэг болсон.

Гаднаас сурч мэдсэн зүйлээ эх орондоо ирээд эмнэлэгтээ нэвтрүүлнэ гэдэг чинь хамгийн чухал нь байх. Дээрээс нь мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс гадна эх орноо гэсэн сэтгэл байгаад байна?

-2013 онд Солонгос улсын уушгины мэс заслын эмч нарын ээлжит хурал дээр Сөүлийн үндэсний их сургуулийн цээжний хөндий, уушгины хавдрын төвийн эрхлэгч Ким Ён Тэ профессортой танилцаж, уушгины дурангийн мэс заслыг илүү их сурахыг хүсч байгаагаа хэлсэн. Үүний үр дүнд Сөүлийн их сургуулийн уушгины мэс заслын төвд нэг сар өөрийнхөө мэс заслыг дагалдуулан сурах боломжоор хангасан юм. 2013 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн уушгины мэс заслын төв дээр дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.  Ер нь залуу эмч нар илүү их зүйлийг сурах, хүсэл эрмэлзлэлтэй байх юм бол боломж хязгааргүй байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн 2016 онд Тайвань Улсын Чан Ганын нэрэмжит төв эмнэлэг, Кореа их сургуулийн Анам эмнэлэгт цээж, уушгины дурангийн мэс заслын чиглэлүүдээр урт болон богино хугацааны сургалтанд хамрагдсан. Одоо ч гэсэн эмч нартайгаа байнгын холбоо харилцаатай ажиллаж байна.

-Нойр булчирхайн үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээ чиглэлээр судалгааны ажил хийсэн гэж байсан. Энэ төрлийн өвчлөл манайд элбэг шүү дээ?

-Тийм ээ. Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл, монголчуудад маш элбэг тохиолддог, үхэл өндөртэй өвчин юм. Архинаас шалтгаалсан нойр булчирхайн үхжилт үрэвсэл их байна. Залуу хүмүүс архийг хэтрүүлж хэрэглэх, удаан хугацаанд хэрэглэх, олон хоногоор хэрэглэхтэй холбоотойгоор архины хордлогонд орж байна. Үүнээс үүдээд нойр булчирхайн үхжил бий болж байгаа. Олон эрхтний дутагдал болоод амь насаа алдах эрсдэл цөөнгүй бий. Архины шалтгаант нойр булчирхайн үхжилийн оношилгоо эмчилгээг боловсронгуй болгох, шинэ оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэх зорилгоор олон төрлийн судалгаа шинжилгээний ажлыг судалж уншсан. Энэ талаараа хэд хэдэн өгүүлэл бичиж сэтгүүлд хэвлүүлж байсан. Энэ чиглэлээр докторантурын сургалтанд сууж эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байна.

Судалгааны ажлынхаа хүрээнд дурангийн тусламжтайгаар хэвлийн арын зайн хүрцээр нойр булчирхайн үхэжсэн эдийг авах, гуурс тавих шинэ арга технологийг Монгол Улсад анх удаагаа тасгийнхаа эмч нартайгаа хамтарч, хийж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ төрлийн хагалгаа олон хийгдээгүй учир үр дүнг нь хараахан судлаагүй байна.

Мөн манай ерөнхий мэс заслын тасагт  надаас чадварлаг эмч нар олон байгаа. Бид хамт олноороо цээж болон хэвлийн хөндийн дурангийн мэс заслын орчин үеийн арга технологийг нэвтрүүлж ард иргэддээ тусламж үзүүлж байна.  Ер нь манай эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн өдий зэрэгтэй хөгжиж, олон шинэ арга технологийг нэвтрүүлэх суурь үндэс бол энэ тасгийг анх байгуулж ажиллаж байсан одоо гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн гарамгай мэс засалчдын ач тус юм аа.

Тухайн эмч нартай хамтарч ажиллаж байсан баруун зүүн гар болсон эмч сувилагч нарын үр дүн хамт байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн итгэл зорилгыг дэмжиж ирсэн эмнэлгийн захиргаа хамт олны үр дүн. Цаашдаа Ерөнхий мэс заслын тасгийн хөгжил бол монгол орондоо төдийгүй олон улсын төвшинд орчин үеийн арга технологиор мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг хамт олон болох зорилго тавин ажиллаж байна.

Зөвлөх эмч Монгол Улсын хүний гавьяат эмч Ч.Пунцаг, Тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Алтангэрэл эмч, одоогийн тасгийн эрхлэгч Монгол Улсын хүний гавьяат эмч М.Ганбаатар  болон олон ахмад эмч сувилагч нарын нөр их хөдөлмөрөөр хийж бүтээж босгосон суурин дээр бид сурч хөгжиж байгаа. Манай тасгийн залуу эмч нарын хүсэл мөрөөдөл хөдөлмөр зүтгэлийн дүнд бидний  зорилго биелэгдэх байхаа.

Мэс засал гэхээр л эрдэнэт хүний амь тэр чигээрээ эмч нарын гарт орчих шиг санагддаг. Энэ нь биеийг гаднаас үзэх, эм тариа хийхээс өөр зүйл шүү дээ?

-Эмч хүн хариуцлага өндөртэй. Тэгээд ч сайхан мэргэжил шүү дээ. Хүний алтан амь, тэр хүний аз жаргалтай амьдралыг бүхэлд нь хариуцдаг. Нэг хүний ард өч төчнөөн ах дүү хамаатан садан, гэр бүл аав ээж нь байдаг. Энэ бүхнийг бодолцож ажилдаа цаг мөч бүрт хариуцлагатай ханддаг даа.
Тэр дундаа мэс засал бүр хэцүү шүү дээ. Учир нь эм тарианы оролцоотойгоор бус зөвхөн багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн мэс засалч эмч хүний мэдлэг чадвар гарын ур дүй дадлага туршлагад үндэслэгдэж эмчилгээний үр дүн ихээхэн хамаардаг учир бусад мэргэжлийн эмч нараас илүү онцгой анхаарал болгоомж, хянуур нямбай байдал их шаарддаг.  Тэгэхээр бидэнд хандсан өвчтөнийг айл гэрийн амьдрал, үр хүүхдийнх нь ирээдүй байгаа шүү гэж ажилдаа хариуцлагатай ханддаг. Эмч бүр хийх ажил их байдаг. Гэхдээ  мэс заслын эмч бол жирийн эмчээс илүү хийх ажил нь  мэргэжлийн онцлог нь өөр байдаг.

– Хүн юм чинь хаяадаа гуниж, гутрах зүйл гарах байх. Гэтэл мэргэжлийн онцлогт хэзээ ч байж боломжгүй зүйл үү ажилдаа хэрхэн яаж ханддаг вэ?

-Мэс заслын эмч бол хүнээ үзлээ хагалгаа эхэллээ зөвхөн ажилдаа хагалгаандаа бүх анхаарлаа хандуулна. Бие сэтгэл хүсэл зорилго бүх зүйлээ хагалгаагаа амжилттай хийх, хүнийхээ амь насыг аврахын төлөө хурц хараа зөөлөн гараа чиглүүлж ажиллана даа. Маргааш нь хүнд хагалгаатай байлаа гэхэд мэс заслын эмч бүр тэр хагалгааныхаа талаар шинэ мэдлэг технологийг судладаг. Энэ зуунд анагаах ухаан маш хурдацтай хөгжиж байна. Жилийн өмнө нь сайн үр дүнтэй байна гэсэн эмчилгээ жилийн дараа өөр илүү үр дүнтэй арга технологи байна гарч ирдэг. Өөр шинэ зүйл бий болоод байна. Тиймээс бид цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд өдөр бүр уншиж, мэдэх суралцах судлах шаардлага гарна. Мэс засал бүрт өөрсдийнхөө мэдлэг ур чадварыг дайчлан ажилладаг.

-Танай тасаг ямар, ямар өвчинд мэс засал хийж байна вэ. Эсвэл бүхий л төрлийн өвчинд мэс засал хийж байна уу?

-Манай Ерөнхий мэс заслын тасаг их онцлогтой. Бид тархи, судас, зүрх, нүд, чих хамар хоолойн мэс заслыг хийдэггүй. Тэр нь тус тусдаа чиглэлээр салчихсан байгаа. Манай тасгийн хамт олон бол цээжний хөндий, уушги, бамбайн булчирхай, элэг, цөс ходоод нойр булчирхай нарийн бүдүүн шулуун гэдэс мухар олгойн цочмог үрэвсэл, архаг үрэвсэл гээд эдгээр өвчинд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хавдрын чиглэлийн тусламж үйлчилгээг мөн үзүүлж байна.

 Дэлхийн улс гүрэнд мэс заслын эмч нар чиглэл чиглэлээрээ нарийн мэргэшсэн байдаг. Манайд эдийн засгийн хөгжил, нийгмийн байдал, ажиллах боловсон хүчин, эрүүл мэндийн бүтэц зохион байгуулалт онцлогоос хамаараад хөгжилтэй орнуудтай харьцуулахад арай ялгаатай. Гэхдээ энэ чиглэл рүү явж байгаа. Зарим эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар чиглэл чиглэлээрээ бэлтгэгдээд явж байна. Нэг эмч олон төрлийн мэс заслыг  хийх биш, нэг төрлийн мэс  заслыг маш чанарын өндөр төвшинд хийх тэр чиглэл рүү дэлхийн дахины мэс заслын шинжлэх ухаан хөгжиж байна.

-Уушгины өвчлөл манайд их байна уу. Агаарын бохирдол энэ тэрээс үүдээд?

-Бидний судалгаанаас ажиглахад уушгины мэс заслын өвчин сүүлийн жилүүдэд их өсч байна. Энэ дотроо уушгины идээт өвчин, бронхит, хатгалгаагаа монголчууд бүрэн төгс эмчлүүлэхгүйгээр архаг байдалд нь шилжүүлж байгаа. Сульдах ядрах ханиад хүрэх, тохиолдолд дахин идэвхжиж, олон хоног сараар үргэлжлээд өвчнөө хүндрүүлдэг. Эмч дээр аль хэдийнэ хүндэрсэн ирдэг. Манай орны эрс тэс уур амьсгал, хотжилт, агаарын бохирдлоос шалтгаалаад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна. Манай ардын эрүүл мэндийн боловсрол, санаа тавих хандлагын дутагдал зэргээс болоод энэ төрлийн өвчлөл элбэг байх юм. Эрдэмтэд судлаачид уушгины эмч нарын судалсан мэдээллээр 10-20 жилийн дараа улаанбаатар хотын утаа ийм байдлаар үргэлжлэх юм бол Монгол Улс уушгины хавдрын өвчлөлөөр азидаа эхний хэдэн байранд орох хэмжээний аюултай нөхцөл байдалд орж болохуйц байгаа. Тиймээс  энэ талаар анхаарлаа хандуулах шаардлагатай.

Ажлын ачаалал ихтэй Байх уу?

-Эмч бүр ачаалалтай ажилладаг. Тэр дундаа мэс заслын эмч бүр ч их ачаалалтай ажилладаг. Өглөөнөөс орой болтол цаг наргүй ажилладаг. Бид нарт ажлын цаг дууслаа гээд тарах эрх байхгүй. Өнөөдөр хийх ёстой ажлын жагсаалтууд байгаа. Бүгдийг нь хийж гүйцэтгэснийхээ дараа гэртээ харьдаг. Түүнчлэн төлөвлөөгүй яаралтай мэс заслын үйлчилгээ авах ёстой өвчтөн хүртэл ирдэг. Тиймээс цаг хугацаа алдахгүйгээр тусламжийг нь хүргэнэ. Гэртээ харьсан ч байнгын бэлэн байдалд байдаг. Гэнэтийн дуудлага авах бий. Тиймээс өдөр шөнө харгалзахгүй  хагалгаагаа хийнэ. Шаардлагатай үед тасгаараа хагалгаанд орох үеч бий. 2009 онд долдугаар сард хагас сар эмнэлэг дээрээ хонож жижүүрлэсэн байдаг тэмдэглэл хүртэл надад бий. Тухайн мэс заслын эмчийн ур чадвар мэдлэгээс гадна баг хамт олны багаж тоног төхөөрөмжийн оролцоотойгоор ажлын үр дүн гардаг.Өдий зэрэгтэй яваа маань баг хамт олны маань тус дэм шүү дээ.

-Ачаалал ихтэй болохоор ар гэрийн ажлаа гэр бүлийнхээ хүнд даатгачих уу?

-Миний гэр бүлийн хүнийг П.Хулан гэдэг. Бид хоёр хүүхэдтэй. Эхнэр маань хувийн компанид ажилладаг эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй сайхан бүсгүй бий. Амьдралаа өдий зэрэгтэй бүтэн авч явж, мэс засалч хүний хариуцлагатай цаг наргүй ажилладаг нөхцөл байдлыг ойлгож туслаж, дэмжиж зүлгэж өнгө оруулж байдаг ханьдаа маш их баярладаг. Эмч нарын ар гэр маш их ухаалаг хүмүүс байдаг байх.  Мэс заслын эмч маш сайхан тайван байх ёстой. Ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх хэрэгтэй.  Мэс засалч хүн ажил дээрээ хэд ч хонож болно. Тэрийг ойлгох хэмжээний ухаантай хүн энэ хүмүүсийн ар гэр хань ижил байдаг байх даа.

-Эмч нарын нийгмийн асуудлыг хөндөхгүй байж чадсангүй?

– Монгол улсын хөдөлмөрийн хуульд зааснаар цалинжаад л явдаг. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулахад эмч, сувилагч нарын цалин төдийлөн сайн биш. Цаашид энэ асуудалд анхаарах байх. Тэр дундаа сувилагч, үйлчлэгч нарын цалин харьцангуй бага. Гадаадад явах үеэр мэргэжил нэгт нөхөд маань миний цалинг асуудаг. Тэр үед заримдаа тоог нь өсгөж хэлэх үе бий. Солонгос Тайванд мэс заслын эмч нарын цалин нь өндөр, сэтгэл ханамж өндөр байдаг юм билээ. Цалин нь ар гэрт нь хангалттай хүрэлцдэг болохоор хань ижил нь зөвхөн хүүхдийнхээ хүмүүжил, сургууль соёлынх нь асуудалд анхаараад явдаг гэж байсан. Ирээдүйд манай улсын эдийн засаг өсөж бидний цалин нийгмийн хангамж илүү сайн болно гэж итгэж ажиллаж явдаг

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here