Ноосны урамшуулал хөшүүрэг болчихсон байгаа ч төсөв нь тасарч эхлэв

0
108

-“Ноосны урамшууллын үр дүн ба хойшдын чиг хандлага” хэлэлцүүлэг-

Төр засгаас үндэсний үйлдвэрлэл, малчдыг дэмжих зорилгоор хонь, тэмээний ноосны килограмм тутамд 2011 оноос 1000-2000 төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн. Уг урамшуулал өнөөдөр чухам нүдээ олж байна уу, тогтолцоо болон тулгамдаад буй асуудал, эдийн засагт өгч буй эерэг, сөрөг шинж, төрөөс ингэж мөнгөн дэмжлэг үзүүлснээр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малдчыг дэмжиж чадсан уу, санхүүжилтын гацаа гээд холбогдох асуудлаар энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт үйлдвэрлэгч, яам, хоршоод, малчид, эдийн засагч гээд холбогдох төлөөллүүдийг урилаа.

-Ноосны урамшууллыг олгож эхэлснээс хойш төр засгаас хэдий хэмжээний мөнгө зарцуулав, ач тус нь хэрхэн яаж гарав, үр дүнг нь хэрхэн харж байгаа талаар Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл Мал хамгаалах сангийн ахлах шинжээч Д.Ганзориг танаас энэхүү асуултаа эхэлье?

Д.Ганзориг /Мал хамгаалах сангийн ахлах шинжээч/:

-УИХ-ын 30 дугаар тогтоолоор ноосны урамшуулал олгох талаар, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, бонд гаргаж, хөнгөлттэй зээл олгох тогтоол гаргасан. Тэрхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2011, 2013, 2015 он гээд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмууд хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү журмын хүрээнд Мал хамгаалах сан ноосны урамшууллыг малчдад олгож ирсэн. 2011-2014 онуудад давхардсан тоогоор улсын хэмжээнд 330 мянган малчин буюу мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Он оноор нь авч үзвэл 2011 онд 9.8 тэрбум төгрөг, 2012 онд  29.3 тэрбум төгрөг,  2013 онд 36.6 тэрбум төгрөг. 2014 18.3 тэрбум төгрөгийг олгосон.

Анх 2011, 2012 онуудад урамшууллыг сумдын төрийн сангаар дамжуулж, малчдын дансанд олгодог байсан. Харин 2013 оны 394  дүгээр тогтоолоор Монголбанкаар дамжуулж малчдын дансанд урамшууллыг шууд шилжүүлдэг болсон юм.

Урамшуулал нь нэг талаас малчдыг дэмжээд өгч буй боловч нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлээ мөн дэмжих бодлогыг агуулж байгаа. Тухайн үед 2011 онд яагаад ийм бага урамшуулал өгч байсан бэ гэхээр тэр үед малчдын бэлтгэх ноосны хэмжээ бага байсан. Урамшуулал олгосноор жил ирэх бүр бэлтгэгдэх  ноосны хэмжээ  нэмэгдсэн гэж болно.

Урамшууллыг олгох явцад  янз бүрийн алдаа оноо гарч байсан нь үнэн. Тухайн үед журмандаа өөрчлөлт оруулах замаар алдаа оноогоо шийдэж ирснийг дуулгах хэрэгтэй болов уу.

-Тухайлбал, ямар алдаа гэж?

-Өмнө нь дурьдсан 2011, 2012 онд сумдын төрийн сангаар олгох явцад сумын Засаг даргын Тамгын газар нь татвар, шимтгэл авч байсан тохиолдол гарч байсан. Тиймээс шууд малчдын дансанд олгоё гэж журмандаа тусгаад Монголбанкаар дамжуулахаар  болсон хэрэг.

2013 оноос малчин өрх бүр “үйлдвэрлэгч” гэдэг тамга тэмдэгтэй болсон. Одоо энэхүү урамшууллаасаа 10 хувийг улсын татварт тушааж байгаа. Мөн Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Тухайн үед малчдын мэдээ, мэдээлэл үнэн зөв орсон эсэх энэ ажлыг зөв явуулах гээд маш олон зүйлд  ашгаа өгснийг дуулгах хэрэгтэй байх.

2015 онд ноосны урамшуулалд хэдий хэмжээний төсөв тусгасан байгаа вэ?

2013 онд  36.6. тэрбум төгрөгийн  ноосны урамшуулал олгох мэдээлэл ирсэн байсан. Гэтэл тэр оны ноосны урамшуулал олгохоор төсөвт 20 тэрбум төгрөг тусгагдсан байсан. Тиймээс мөнгө нь хүрэхгүй болохоор 2014 оны ноосны урамшууллаас урагшаа татаж өгсөн. Энэ мэтчилэн өмнөх оныхоо дутагдлыг дараагийн оныхоос нөхөж байгаа.

Тухайн жилдээ хоршоодын үйл ажиллагаа жигдрээгүй байна гэсэн шалтгаанаар тогтоолд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ тогтоолыг хэрэгжүүлье гэж өөрчлөлт оруулсан юм. Ингээд 2013 оноос 2014 оны ноосны урамшуулалд тусгасан мөнгийг олгосон байгаа.

2015 онд суусан 18.3 тэрбум төгрөгийг 2014 оны ноосны урамшуулалд олгосон. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс 87.299 ширхэг баримтаар 19522 мянган тонн ноосны мэдээлэл орж ирээд байна.

Малчид ноосоо 7, 8 сард үндэсний үйлдвэрлэгчийн төлөөлөгчид тушаагаад падан авдаг. Түүнийгээ орон нутгийнхаа Засаг даргын Тамгийн газар аваачиж өгөөд бүртгэлд оруулдаг. Үүнийг сумаас нь аймагт хүргэж өгнө. Аймгийнх цахим бүртгэлийн системдээ бүртгүүлдэг. Ирсэн мэдээллээ Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос ирэх мэдээллээр баталгаажуулна. Тухайн үйлдвэр иргэн Доржоос 100 кг ноос авсан гэж баталгаажуулдаг. Ингэснээр тухайн малчинд олгох ноосны урамшууллын зөвшөөрөл гаргана.

Ноосны урамшууллыг бид нэлээд хэдэн шалгуураар олгодог байгаа. Тухайн малчны өнгөрсөн жил тоолуулсан малын  тоотой харьцуулах юм. Сайдын баталсан тушаалаар нэг хониос гарах ноосны дунджыг монгол хонь 1.2 кг байна гэж тогтоож өгсөн байдаг.

Өнгөрсөн онд баталсан 122 дугаар тогтоолоор олгосон журамд малчдад үүрэг олгосон. Тухайн малчин мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байна гэх мэт шаардлагуудыг тусгасан байгаа.

Малаа халдваргүйжүүлэлтийн угаалга,  урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан уу гэдэг талаар  малчдын тайлан байх учиртай. Түүний дагуу тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн мал эмнэлэгээс гарал үүслийн бичиг мөн хэрэгтэй болно.

Журамд нэг килограмм ноос тутамд 2000 төгрөг олгоно гэж заасан байгаа. Гэтэл энэ жил 1000 төгрөг олгоно гэсэн байна лээ. Энэ онд яагаад ингээд буурчихваа?

Д.Ганзориг /Мал хамгаалах сангийн ахлах шинжээч/:

-Тооноос чанарлуу гэдэг тал руу нь явуулж байгаа. 94.1 тэрбум төгрөгийг дөрвөн жил олгосон байна. Тиймээс малчдыг чанарлуу явуулъя гээд яамнаас бодлого гаргаж нарийн болон нарийвтар тал руу нь явуулахын тулд ийм бодлогыг гаргасан. ХААЯ, БШУЯ сайдын хамтарч гаргасан стратеги төлөвлөгөө гэж байдаг. Бүдүүвтэр ноостой хонийг үржлээр гаргасан бүс нутгуудыг заагаад өгсөн байдаг. Тэнд цөм сүргүүд нь үржигддэг.

Тэрнээс сайжруулагчаар тухайн үүлдрийн хонины хээлтүүлэгчийг авч сайжруулдаг. Тэгээд саяны хэлдэг нарийн болон нарийвтар ноостой хонийг үржүүлэх үүднээс энэ бодлогыг гаргасан. Ийм хонины ноосонд нь 2000 төгрөг. Бүдүүн ноостой хонинд нь 1000 төгрөг өгье гэсэн. Ноосны урамшуулалд 1000 төгрөг өгч байгаа нь төсөв, санхүүтэй холбоотой.

2011 оноос өмнө үйлдвэрлэгчид түүхий эдгүй байсан

“Могол ноос” ХХК-ий ерөнхий захирал, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбат:

Ноосны урамшууллыг ингэж олгож эхэлсээр үйлдвэрлэгч танд ямар эерэг үр дүн гарав. Үйлдвэрлэлийг дэмжиж чадсан гэж та үзэж байна уу?

-2011 оноос УИХ-ын 30 дугаар тогтоолоор урамшууллыг олгож эхэлсэн. Энэ үед цаг үе ямар байсан гэхээр ноосны үйлдвэрлэгчид түүхий эдгүй байсан. Түүхий эдээрээ бүрэн хангагдаж чадахгүй байсан. Жилд ажиллах хугацааныхаа хагаст нь ажиллаад бусад нь  ажилгүй болдог байсан. Энэ нь гадны худалдаачид орж ирээд ноосыг нь аваад явчихдаг байсан үе. Тэгэхээр тэр үед энэхүү тогтоол хоёр талын ач холбогдолтой гарсан.

 Нэг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах зорилготой дараа нь үндэсний үйлдвэрлэлд ноосоо тушаасан малчдад нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгосон. Энэ тогтоол дээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг өгсөн юм.

Монголд түүхий эдтэй хэрнээ үйлдвэр хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих олон талтай бодлого тусгагдсан. Тэгэхээр урамшууллын үр дүнд үйлдвэрлэгчдэд ямар үр дүн гарсан бэ гэхээр урьд өмнө нь 2011 онд 15 мянган тонн ноос бэлтгэгдэх байсан. Д.Ганзоригийн хэлснээр 4.9 мянган тоннд нь урамшуулал өгсөн байдаг.

Бид УИХ-ын 30 дугаар тогтоолыг сурталчилж хөдөө орон нутагт бүсчилсан сургалтыг хийсэн юм. Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн их сургууль, Нэхэмлийн хүрээлэн, Эрдэмтэдийн баг төлөөлж аймгуудаар явж маш их сурталчилгаа хийсэн. Ингээд байхад  2011 онд 4.9 тонн ноосыг л авсан. Нэг талаар малчдын үйлдвэрлэгчид өгөх ноосны хэмжээ нэмэгдсэн.  Энэ жил гэхэд бэлтгэх нь бол 21 мянган тонн. Гэтэл 19.5 мянган тонныг бэлтгэсэн байна. Урамшуулал өгөөд эхэлснээр хонин сүргийн тоо нэмэгдсэн. Өмнө бид хонины ноосоор эсгий, хивс хийдэг байсан. Гэтэл үйлдвэрлэгчид одоо хонины ноосоор нарийн утас хийдэг анхны үйлдвэрийг төв аймагт байгууллаа. Нарийн утсаар даавуу хийх асуудлыг гаргаж ирсэн. Даавуу үйлдвэрлэх бэлтгэлээ хангаж чадсан.

Манайх  1000-1500 километрээс түүхий эдээ тээвэрлэж ирэхэд 50 хувь нь хог, шороо угаалтаар хаягддаг. Улаанбаатар хотод маш их хэмжээний хог тээвэрлэж ирж байгаа юм байна гээд эдийн засаг болон тээвэрлэлтийнхээ хувьд буруу байсан. Тиймээс үйлдвэрүүдээ хөдөө орон нутагт гаргасан. Тэр үед гурван үйлдвэр байсан бол өнөөдөр 12  аймагт  ноос угаах үйлдвэртэй болсон.

 Энэ 20  мянган тонныг бид өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргах боломжгүй байсан. Даавуу хийх утсыг үйлдвэрлэхэд Солонгос улсад хорин жилийн  хугацаанд хийж чадсан байдаг. Харин бид дөрвөн жилийн хугацаанд үүнийг хийсэн. Бид яагаад чадсан гэхээр энэ улсаас  технологи  болон мэргэжилтэнг нь авчирч туршлага судалсан хэрэг.

Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор /Ph.D/, профессор/:

-Эдийн засагчийн хувьд ноосны урамшуулал олгож буйд ямар байр суурьтай байна вэ. Уг нь эдийн засагчид төрөөс мөнгөн урамшуулал олгохын эсрэг байдаг хүмүүс?

Ноосын урамшуулал олгохыг зөв арга гэж бодож байна. Тодорхой нөхцөлд иймэрхүү урамшуулал байх нь зөв юм. Тодруулбал, ноосныхоо үр шимийг малчид авах хүртэл нь төрөөс ийм дэмжлэгийг үзүүлэх нь эерэг үр нөлөөтэй. Яагаад гэвэл түрүүн үйлдвэрлэлийн төлөөлөл хэллээ. “12 аймагт ноос угаах үйлдвэртэй боллоо” гэж. Энэ нь ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг хөшүүрэг болсон нь гарцаагүй харагдаж байна. Цаашлаад малчид хүртэл үйлдвэрлэлийн хувь нийлүүлсэн эзэд болох боломж бүрдэж буй юм. Ингэхийн тулд малчдыг сайтар зохион байгуулах хэрэгтэй болов уу. Тэд зүгээр л ноосоо аваачиж өгөөд урамшуулал авчихдаг бол хангалтгүй. Цаашдаа хоршооллын зарчмаар малчдын хувь нийлүүлсэн үйлдвэр байх талаар бодлого, төлөвлөгөөтэй ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

Түүнээс гадна малчид төдийгүй монголчууд бэлэнчлэх их дуртай хүмүүс. Малчдыг хоршооны ач холбогдлыг ойлгуулахын тулд хавтгайруулсан баахан хоршоо биш төрөөс бүр бодлогоор дэмжиж хэдэн жишиг хоршоо гаргаж ирэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслийг ашиглаж мэдээлэл хүргэх нь зүйтэй. Мөн хоршоог өрсөлдөөнөөр илүү хөшүүрэгдэх хэрэгтэй байна.

Оролцогчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажлаад эхэлдэг

Д.Батмөнх /Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх/:

-Малчдыг ингэж хоршооллын зарчмаар хөшүүрэг бий болгоход чухам ямар саад бэрхшээл байна вэ. Үнэндээ өнөөдөр малчид хоршоонд зөвхөн урамшуулал авахын тулд л элсдэг гэх яриа бий. Мөн та урамшууллын талаар ямар байр суурьтай байна вэ?

Урамшуулал олгох талаар эхлээд байр сууриа илэрхийлье гэж бодож байна. Анх мал аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хонины тоо толгойг нэмэх, бүтээгдэхүүний үнийг өсөлттэй, энэ чигээр нь тогтвортой байлгах, малчдыг хоршооны гишүүн байлгаснаар эдийг засагт нь хөшүүрэг болгох ийм зорилгуудыг бодлогын түвшинд тавьсан байдаг. Хоршоогоор малчдыг яагаад ингэж хөшүүрэгдэх шаардлагатай юм бэ гэхээр доогуур болон дундаж амьдралтай айл, өрх, хүмүүсийн амьдралыг хамтын хөдөлмөрөөр дээшлүүлэхэд хамгийн гол түлхүүр болдог. Дэлхий нийт хоршооллыг хүлээн зөвшөөрчихсөн. Маш олон хүнийг ажлын байраар хангаж байдаг. Нөгөөтэйгүүр хүнсний хэрэгцээг зардал багатайгаар хангах үүргийг өнөөдөр олон улсад хоршоо хүлээчихээд байна. Хоршооны гишүүн өөрөө өөрийнхөө төлөө ажилладаг.

            Харин ноосны урамшуулал үүргээ гүйцэтгэж байна уу гэвэл тодорхой хэмжээнд эерэг нөлөөгөө үзүүлж буй. Гэхдээ алдаа, дутагдалтай тал бас бий. Тухайлбал, яг хүлээж байсан том үр дүн зарим талаараа гарахгүй байна. Уг нь бид үндэсний үйлдвэрлэл янзын сайхан босоод ирнэ, малчид дотооддоо 100 нийлүүлнэ, ноосны үнэ өснө, малчид хөдөө аж ахуй, хоршооны ач холбогдлыг мэдэрч чадна гэж бодож байсан. Гэтэл төр засгийн залгамж чанар гэдэг зүйл огт үгүй. Өмнөх засаг нь овоо юм хийх гэж байтал дараагийн засаг нь гарч ирээд унагах ийм эрсдэл Монгол Улсад бугчихлаа. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрт оролцож буй аль нэг этгээд эхлээд өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс ажлаад эхэлчихдэг.

            Түүнчлэн орон нутагт ноос худалдан авдаг үйлдвэрлэгчийн төлөөллийг сонгоход алдаа гарсан. Учир нь тухайн сумын Засаг дарга өөрийн танил, хамаатан садангаа төлөөлөгч болгочихдог. Ч.Эрдэнэбат захирал 12 үйлдвэр байгуулсан гэж байна. Гэвч эдгээр үйлдвэрүүд бүгдээрээ тэгш сайхан ажиллаж байна уу гэвэл үгүй. Зарим нь үүдээ бариад эхэлчихсэн.

Ч.Эрдэнэбат /Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал/:

-300 тэрбум төгрөгийг төрөөс ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл хэлбэрээр өгсөн байгаа. Энэ мөнгөөр та бүхэн яг юу хийв. Эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлчихэв үү, аль эсвэл тоног төхөөрөмжөө сайжруулав уу?

Үйлдвэрүүдийг техник, технологио сайжруул гэж уг зээлийг олгосон. Үйлдвэрүүд ч тодорхой хэмжээнд тенхнологио сайжруулчихсан. Харамсалтай нь тэдэнд эргэлтийн хөрөнгө алга. Тэр зээлийн үр дүнд бид шинэ технологитой даавуу хийх боломжтой, нарийн ноос ээрдэг үйлдвэр байгуулчихлаа. Дээрх 300 тэрбум төгрөг гэдэг үнэндээ олон үйлдвэрт хуваачихаар маш бага тоо. Эхлээд тоног төхөөрөмжөө сайжруулчихдаг, дараа нь эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр байвал босоод явчих гээд байдаг. Төрд бас нэг дутагдсан бодлого нь юу вэ гэхээр бүх үйлдвэрүүд утас ээрдэг биш зарим нь ноосоо угаадаг, ээрдэг, боловсруулдаг, самнадаг, нэхдэг, нийлүүлдэг ийм тогтолцоо байвал оновчтой болно.

            Өнөөдөр малчид мэдээлэл дутмаг байгаагаасаа болж хэнд юу өгөхөө мэддэггүй. Үүнийг нь далимдуулж гадны худалдаачид, ченжүүд худал, үнэн үг хэлж байгаад түүхий эдийг нь авчихдаг. Жишээлбэл, “Хонины ноосны урамшууллын мөнгө энэ жил төсөвт суугаагүй, өгөхгүй” гэх мэтчилэн хэлдэг байна.

            Монголд хонины ноосыг 100 хувь угаадаг болсон. Одоо дахин угаах үйлдвэр бидэнд хэрэггүй. Угаах бол үйлдвэрийн эхний даваа. Дараагийн том даваа нь утас ээрэх. Ийм үйлдвэр байгуулахын тулд дэлхийн стандартыг ярих ёстой. Тэгэхээр бидэнд цаашид нарийсаж хийх өчнөөн ажил бий. Энэ бүхэнд төрөөс бодлого болон бусад түвшинд залгамж халаатай ийм ажил хиймээр байна.

            Ноосны урамшуулал олгохтой холбоотой УИХ-ын 30 дугаар тогтоолын гол утга нь юу вэ гэхээр малчин хониныхоо ноосонд тодорхой ялгалт хийгээд үйлдвэрлэгчдэд авчирж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч малчны ангилсан ноосыг зэрэглэж авдаг байх учиртай юм. Гэвч харамсалтай нь уг тогтоолд улстөржилт ороод бүх хонины ноосыг 2000 төгрөгөөр авна гэчихсэн. Уг нь нэгдүгээр зэргийн ноос буюу арай бохир багатай ноосонд ийм хэмжээний урамшуулал олгох талаар заасан.

-Журамд үйлдвэрлэгч, хоршооноос малчдад холбогдох сургалт явуулах талаар заасан байгаа. Энэ заалт яаж хэрэгжиж байна вэ?

Ц.Алтантуяа /Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч/:

Урамшуулалтай холбоотойгоор маш их асуудал гаргаж байгаа. Хөдөө аж ахуйг эдийн засаг талаас нь хөдөлгөх том хөшүүргийг төрөөс бодлогын түвшинд ажил болгосон. Тэгэхээр өнөөдөр малчид маань хоршоог юу гэж харж байна вэ гэвэл “2000 төгрөгийг олж өгдөг байгууллага” хэмээн ойлгодог болцгоосон. Гэвч уг урамшууллаар дамжуулж малчид хоршоолол гэдгийг хөдөөг хөгжүүлэх, өөсрдийнхөө амьдралд том нэмэр болох суваг гэдгийг ойлгох байтал өнөөдөр хараахан сайн мэдээлэл авч чадахгүй байна.

Манай холбооны зүгээс сургалтуудыг хийж байгаа. 2013 онд тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтраад бүх аймаг, сумдад хоршооны талаарх сургалтыг зохион байгуулсан. Төрөөс 150 сая төгрөг гаргасан юм. Гэхдээ нэг том асуудал гарсныг дуулгах хэрэгтэй. Тухайн сум, орон нутгийн удирдлагад “манай сургалтанд малчдаа хамруулах”-ыг хэлдэг. Харамсалтай нь биднийг очиход удирдлагууд нь сандарч сумын хэдэн ажилгүй залуусыг суулгачихдаг. Манай холбоо уг нь яамнаас малчдад сургалтынхаа агуулгыг түлхүү чиглүүлэх үүрэг хүлээн ажилладаг байгууллага. Иймэрхүү хариуцлагагүй байдлаас болж гол субьектед нь мэдээлэл хүрч чадахгүй буй юм. Бид багаасаа 20 өрхийг оруулсан багийн даргад 50000 төгрөгийн урамшуулал өгнө гэж хүртэл хэлж үзсэн. Ингэсэн боловч хангалтгүй байгаа.

            Нөгөөтэйгүүр урамшууллыг олгосноор хоршооны дарга, удирдлагад маш их дарамт, ачаалал ирж байгаа. Учир нь малчид “Чи хоршооны дарга, төр засгаас ийм тогтоол гарсан, миний мөнгө, урамшууллыг олж ир” гэх мэтчилэн загнацгаадаг болсон. Хоршооны дарга нар зунжингаа малчдаар өөрсдийнхөө бинзин тосоо гарздан байж явдаг. Гэвч төр засгаас ингэснийх нь төлөө нэг ч төгрөгийн хандив, тусламж үзүүлдэггүй. Харин өнөөх 2000 төгрөг нь шууд малчны данс руу орчихдог.

Хоршоонд малчид хувь нийлүүлсэн хөрөнгөөр элсэх учиртай. Малчид өнөөдөр хоршоонд хэрхэн элсэж байна вэ гэвэл хувь нийлүүлсэн хөрөнгөө өгөөгүй байж өнөөх хоршооныхоо даргыг “нутгийн хүүхэд юундаа үнэрхээд байгаа юм” гэх мэтчилэнгээр дарамтлах шахам элсэж байна. Ноосны урамшууллаас болж хоршооны дарга нарын ажил их унадаг болсон. Товчхондоо малчид урамшуулал авахын төлөө хоршоонд элсэж байна.

-Уучлаарай та хоршооны дарга нар өөрсдөө явж малчдаас ноосыг нь авч байна гэж хэллээ. Саяхан хөдөөгөөр явж байхад малчид сумынхаа хоршоонд өөрсдөө аваачиж өгдөг гэж байсан. Хоршооны дарга Н.Алтансүх та тэгж явж байна уу?

Н.Алтансүх /Архангай аймгийн “Цэгц түүчээ” хоршооны дарга/:

-Бид нар өөрсдөө яг ингэж явж байгаа. Малчид ямар ч хариуцлагагүй байдаг. Ноосоо хяргаад хониныхоо шавхаан дээр шидчихдэг. Журамд уг нь малчид 50-100 килограммаар савлах ёстой. Гэтэл шалбаагтай, баастай чигээр нь өгдөг. Манай хоршоо энэ жил авах ёстой ноосоо үнэндээ авч чадаагүй. Шалтгаан нь юу юм бэ гэхээр төр засгаас урамшууллын 2000 төгрөгийг бүтэн өгөхгүй зэрэг асуудалтай холбоотой. Уржин жил 50 тонн, өнгөрсөн жил 20 гаруй тонн ноос авсан.

Ц.Чойжоо /Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин/

-Яг ч сургалт явуулсан юм байхгүй. Бид ноосоо ялгаж өгөхгүй байгаа. Энэ хэлэлцүүлгээс л мэдээлэл авч байна. Малчид өөрсдөө суман дээрээ ноосоо хүргэж өгдөг. Үнэндээ миний хувьд өмнө хоршоо, урамшууллын талаар нэг их тодорхой мэдээлэлгүй байсан. Харин өнөөдрийн хэлэлцүүлгээс л овоо юм мэдэж авч байна.

Ч.Эрдэнэбат /Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал/:

-Үнэндээ өнөөх төрөөс үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжөө сайжруул гэж олгосон 300 тэрбум төгрөгийн ихэнх нь малчдын хийх ёстой ажлыг үйлдвэрлэгч хийгээд бөөн зардал гаргаж байна.

Д.Ганзориг /Мал хамгаалах сангийн ахлах шинжээч/:

-2011 онд малчдын ноосыг ангилж ялгах, савлах үүднээс тусгай преслэгч буцалтгүй тусламж байдлаар малчдад өгсөн. Тус онд малчдыг хоршоололд хамруулах, дэмжих үүднээс 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох ажлыг хүртэл зохион байгуулсан. Хоршооныхонтой холбоотой нэг зүйл хэлэхэд та бүхэн өөрсдөө бэлтгэн нийлүүлэгч байх бүрэн боломжтой шүү дээ.

Ц.Батмөнх /“ХАА-н Бирж” ХХК-ийн Ложистик барааны албаны мэргэжилтэн/:

-Өнөөдөр хөдөө аж ахуйн бирж дээр ноосны килограмм 1000 орчим төгрөгөөр арилжаалагдаж байгаа. Биржийн гол үндсэн үүрэг нь түүхий эдийн зах зээлийн арилжааг зохион байгуулж өгөх. Тогтсон газар тогтсон цагт авч, зарж байгаа хүмүүсийн дунд нь зохион байгуулж өгдөг. Биржийн арилжаанд оролцдог хоёр гол субьегт байдаг. Нэг нь брокерийн компани, нөгөөх нь хоршоо юм. Бусад нь энэ хоёроор дамжаад биржийн арилжаанд оролцох боломжтой.

Урамшуулалтай холбогдуулаад хоршоо нэртэй аж ахуйн нэгжүүд маш их болсон. Тэр хүмүүс малчдаас түүхий эдийг нь авч цаашаа дамлан зардаг. Тухайн шат дамжлагаар явах тусмаа түүхий эдийн үнэ өсөх боломжтой байгаа. Харамсалтай нь өнөөдөр шалгуур үзүүлэлтүүд хангаад арилжаанд оролцож буй хоршоо алга байна.

Зарж байгаа тал нь өндөр өгөх, авч буй тал нь хямд авахыг бодно. Төр засгаас малчид, үйлдвэрлэгчдийн хэрэглээг дэмжиж байгаа юм чинь урамшууллаа өгсөн нь зөв гэж бодож байна. Аль аль талыг харж үзээд урамшуулалыг олгох хэрэгтэй байх.

Ц.Алтантуяа /Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч/:

-“Биржид хоршоод орох гэхээр шаардлага хангахгүй байгаа” гэж Ц.Батмөнх хэллээ. Хоршоод яагаад шаардлага хангахгүй байна вэ гэвэл дэд бүтцийнхээ хөгжлөөс авахуулаад шаардлага хангахгүй болчихож буй юм. Үнэндээ Хөдөө аж ахуйн биржээс тавиад байгаа шалгуур буюу өөрсдийн агуулахтай байх, цахимаар худалдаагаа хийдэг, мэргэжилтнүүд, түүхий эдээ ангилаад авдаг мэргэжилтэн хүртэл байдаггүй. Чухамдаа ийм байдлаас болж хоршоо биржид оролцож чадахгүй байна.

Д.Батмөнх /Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх/:

-Нэмээд хэлэхэд Улсын бүртгэгч хүртэл ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо вэ гэдгийг нь дүрмээр нь таньдаг байх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр орон нутагт буй биржийн брокер хоршооноос бүтээгдэхүүн ер авдаггүй. Өнөөх ченжүүдээс л авчихдаг.

Ажилласан нь хүртэж, ажлаагүй нь алддаг гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй байна

Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор /Ph.D/, профессор/:

-Ноосыг ялгаж, савлахтай холбоотой нэг зүйл хэлмээр санагдлаа. Төрөөс нэгэнт ингээд мөнгөн урамшуулал болон бодлогын түвшинд дэмжээд өгчихсөн байдаг. Гэхдээ төр зүв зүгээр мөнгөө хавтгайруулаад өгөөд байх уу гэдэг нь асуудалтай. Учир нь малчид ноосоо сайхан ангилж янзлаад, тоос, шавхайнаас нь бага ч гэсэн салгаж ангилсан байвал түүнийг нь арай өндөр үнэтэй, илүү урамшуулал өгөх зэргээр хөшүүрэгдэх хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л жижигхэн зүйлээс зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, өрсөлдөөний учрыг ойлгоно. Эвдэрсэн механизм нь ч засагдана. Ерөөсөө бүх түвшинд өрсөлдөөний зарчмыг баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хийж чадсан нь илүү боломж хүртдэг байх ёстой болов уу. Социализмын сэтгэглгээгээ өөрчилмөөр байна. Ингэх тусам цаг хугацааг хожно.

Дахин нэг зүйл хэлэхэд ажилласан нь хүртэж, ажлаагүй нь алддаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

Ч.Эрдэнэбат /Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал/:

-Урамшууллын дээд хэмжээ нь тогтоол, журмуудад тусгаснаар нэг килограмм ноосонд 2000 төгрөг өгнө. Олон хүн ярьж байна. тогтолцоо шилжилт, төрийн бодлого нь тогтвортой биш байгаа. Тогтворгүй, залгамж халаа муу учраас малчдыг хүртэл ийм мэдээлэлгүй, зэрэмдэг байдалд оруулчихдаг болсон. Нэг засаг нь гарч ирээд өмнөх журам, тогтоолоо орвонгоор нь өөрчилчихдөг. Ядаж төрөөс баахан зарлага гаргаж мэргэжилтнүүд сургачихсан байтал түүнийг нь улс төртэй холбоотойгоор өөрчлөгдчихдөг. Яамдын газар, хэлтсийн дарга нар хүртэл улс төрийн шуурганд өртчихдөг. Өмнө нь ярьсан малчид ноосоо ялгаж, преслэх шаардлага үйлдвэрлэгчээс тавьбал би дараа жил түүхий эдгүй болно. Үнэндээ сайн шаардлага бус муу зүйлийн мэдээлэл илүү хүрчихдэг жам байгаа юм.

Д.Ганзориг /Мал хамгаалах сангийн ахлах шинжээч/:

-Уг нь журам, тогтоолд нь малчныг ялгаж, тусгайлан бэлтгэх талаар заагаад баталчихжээ. Гэвч амьдрал дээр хараахан хэрэгжихгүй байна л даа. Нөгөөтэйгүүр журамд малчин хоршооны гишүүн байж болно гэж заасан болохоос биш ноосоо заавал хоршоонд тушаа гэж заагаагүй. Ченжүүд яагаад малчнаас илүү түүхий эд аваад байна вэ. Угтаа тэд илүү менежмент, маркетинг хийгээд байна. Хоршооны удирдлага үнэндээ сайн менежер байх ёстой. Тэгж байж гэмээнэ өнөөх ченж нараас давж чадна шүү дээ. Түүнээс биш “бид ченжүүдэд ноосоо булаалгачихлаа” гээд сууж байвал сайн менежер бус.

-Та бүхний яриа, тогтоол, журам, төрийн бодлогоор малчид, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг ажил эхлээд даруй гурав, дөрвөн жил ингээд өнгөрчихлөө. Харин тогтолцоонд нь нэг зүйл гээгдчихсэн юм шиг санагдаж байна. Тодруулбал, малчид баахан түүхий эд өгчихдөг, ноос угаах үйлдвэрүүд угааж цэвэрлээд өчнөөн тооныг нийлүүлчихлээ. Цөөн хэд нь утас ээрчихлээ. Сүүлд нь эцсийн бүтээгдэхүүнээ хүлээсэн ээрсэн утас болж үлдэнэ. Энэ их утсаар бүтээгдэхүүн хийх үйлдвэр, орон зай байна уу?

Ч.Эрдэнэбат /Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал/:

-Наадах чинь бас нэг том асуудал болчихоод байна. Үнэндээ бид ээрсэн утсаа хэрхэн борлуулах вэ гэдэгт санаа зовниж байгаа. Уг нь олон улсын стандартыг манайхны ээрсэн утас шаардлага хангадаг. Харин импортоор орж ирдэг утаснууд стандарт хангаж байна уу гэвэл эргэлзээтэй байх. Бид ээрсэн утсаа яах вэ гэдэгт мөн л төрийн бодлого хэрэгтэй болно. Эцсийн дүндээ төрөөс урамшуулалд олгосон мөнгө талаар болоогүй. Малчин өрхийг дэмжээд зогсохгүй, ноосоо угаадаг, самнадаг, утас ээрдэг үйлдвэрлэгчид сайн зүйл болсон.

Ц.Чойжоо /Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин/

-Миний бодлоор цаашид хоршоондоо ноосоо тушаах бодолтой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ч гэсэн тэр өгч ирсэн. Харин энэ урамшууллыг илүү хүртээмжтэй байдлаар олгох ажил цаашид хэрэгжвэл зүгээр байна.

-Урамшууллыг тэгвэл цаашид олгосон нь зөв үү, буруу юу?

Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор /Ph.D/, профессор/:

-Төр оролцох газраа оролцох нь зүйтэй. Урамшуулал нэг талын төрийн бодлого.

Ц.Алтантуяа /Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч/:

-Урамшууллыг цаашдаа олгоод явах байх гэж бодож байна. Сонгууль нь ч ойртлоо. Ерөнхийдөө үүнийг тодорхой хугацаанд өгөх нь зөв юм. Хэрэв өгөхөө зогсоочихвол өнөөх чанартай ноосыг нь ченжүүд өмнөд хөрш рүү 100 төгрөгөөр илүү үнээр аваад гаргаж эхэлнэ. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэр эрхлэгчид дахиад түүхий эдгүй үлдэнэ. Товчхондоо зогсоовол буцаад уналт руу татна. Төрөөс мөнгө тарааж байгаадаа гол нь биш. Үүний цаана малчид малаа илүү эрүүлжүүлэх, чанаржуулах, эдийн засгийн эерэг үр дүн гээд олон сайн талтай.

Д.Батмөнх /Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх/:

-Дөрвөн жилийн хугацаанд олгосон ч зорилгоо хараахан биелүүлж чадаагүй. Дутагдалтай тал бий. Тухайлбал, малчны данс руу Сангийн яам, Монголбанкнаас мөнгийг нь шууд хийж байх уу, үгүй юу. Малчдаас татвар гээд урамшууллын мөнгөнөөс нь орон нутаг 10 хувь авсныхаа төлөө, энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өөр юу хийж байгаа вэ. Малчид мөнгө авч байгаа бол бас хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. Бас нэг асуудал нь Хадгаламж зээлийн хоршоодын гишүүн Хөдөө аж ахуйн хоршооны гишүүн биш байж “адилхан хоршооны гишүүн юм чинь” гээд урамшуулал авчихдаг. Үүнийг улсын бүртгэл дээр засаж, илүү тодорхой болгох хэрэгтэй.

Д.Ганзориг /Мал хамгаалах сангийн ахлах шинжээч/:

-Үнэндээ цаашид засаж сайжруулах, хүслийн жагсаалт их байна. Даан ч төрийн бодлого, шийдвэр удаан гарч байгаа.

Ч.Эрдэнэбат /Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал/:

-Цаашдаа урамшуулал олгох нь мэдээж зөв. Зогсоосноор өнөөх үйлвэрүүд нь шууд зогсоно. Төр бодлого, тогтолцоогоо илүү боловсронгуй болгохыг цаг хугацааны шалгуур шаардаж байна. Хэрэв төр мөнгөгүй болчихвол импортын бүтээгдэхүүнийг хязгаарлах гэдэг ч юм уу татварын бодлогоор дэмжих. Мөн малчдыг хоршооллын системээр дамжиж үйлдвэрлэгч болгох хөшүүргийг ажиллуулах.

Н.Алтансүх /Архангай аймгийн “Цэгц түүчээ” хоршооны дарга/:

-Урамшуулал олгох нь олон эерэг үр нөлөөтэйг. Энэ хүмүүс ч ярьж байна. Ядаж ажлын байртай болно. Хоршооны тогтолцоонд ч сайн нөлөө үзүүлэх учиртай.

Цаг зав гарган бидэнтэй санал бодлоо солилцсон та бүхэнд баярлалаа.

Л.Баатархүү

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here