Гамшиг болвол хамгаалсаар байх уу

0
72

Нутгаас найзууд ярьж байна.

-Зүүн аймгууд руу ухасхийгээд ирье. Адуу мал хямд байна гэнэ гэж уруу татсан тул хүлгийн жолоог хурдан тууртын нутаг руу заллаа.

Хэзээнээс монгол түмний адууны цөм болсон, өвгөн ноёны нутгаар хэд хоног давхив. Манайхан:

-Улсын эдийн засаг хямраад, хүмүүс мөнгөгүй болсон тул тэр бүр Хэнтий, Сүхбаатар руу очиж адуу мал авах нь эрс багассан гэсэн үнэн байна гэж дахин дахин ярина. Хэдэн гүү ачиж аваад нутгийн зүг жолоо залав.

Манай малчид банкнаас авсан зээлийнхээ хүүнд боогдож, болж л өгвөл хотоос ирсэн хүмүүст адуу, малаа хямд төсрөөр ч хамаагүй арилжих сонирхолтой болжээ. Зарим газар нь урд онуудынх шиг таван сая, гурван сая таван зуу гээд удам угшил нь ханасан сайхан гүүнүүдээ үзүүлэн үнэ хэлэх боловч яг авах дээрээ тулахаар талаас доогуур үнээр ч арилжих явдал байв.

Үнэндээ тэд маань хаврыг хүндхэн давсан байна. Төв газрын мань мэтийн сургийг нь дуулж, дүрсийг нь зурагтаар харж байсан хээрийн түймэр Монгол орны минь зүүн хэсгийг яйран болгож хаяжээ. Адуу малын үнэ буурсан нь зөвхөн улсын эдийн засгийн хямралтай холбоотой бус бас галын гамшигтай ч холбоотой ажээ.

Монгол орны минь олон газраар хаваржингаа түймэр гарсан. Одоо ч зарим газар ганц нэгэн түймрийн сураг дуулдсаар байна. Онцгой байдлынхан Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болон энэ бүх үйл хэрэгт хүчин зүтгэж, улсаа хамгаалж байна.

… Өнгөрсөн жил хөдөөгүүр явж байгаад хэсэг газар гал асч байгааг хотоос зугаалж явсан бидний хэсэг нөхөд хараад нутгийн хүмүүстэй хамтран унтраасан юм. Их том газар биш ч бас сандаргаад авсан юмдаг. Хамт явсан ах маань жаахан зуу татчихсан байсныг ч хэлэх үү, машинаас үсэрч буугаад л шив шинэхэн гангарааны хүрмээрээ балбаж, өнөөхөө шатаасан хойноо халаглаж байж билээ. Харин нутгийн нэг ах:

-Машиныхаа шалавчийг аваад гөв гэж хэлсний дагуу шалавчаараа гөвөхөд илүү үр дүнтэй, бас гарз багатай байж таарсан. Ер нь тэгээд салхиныхаа дээр гарах уу, доор гарах уу, яаж цурманд нь оруулах вэ? гээд бид ерөөсөө анхны ч мэдэгдэхүүн байхгүй юм билээ. Биднээс арай ахмад хүмүүс арван жилд байхдаа иргэний хамгаалалт гэдэг хичээл дээр үздэг байсан байх. Бидний үеийнхэн бол ёстой А ч байхгүй…

Гамшиг бол зүгээр нэг байгалийн хүчин зүйл биш, байгалийн болон хүний хүчин зүйлийн улмаас бий болдог түйтгэр юм.

Монгол Улсад болж буй гамшиг маш олон янзын хэлбэртэй байна. Түймэр, үер, гоц халдварт өвчин, ган, зуд, газар хөдлөлт, салхи, шуурга, хуурайшилт гээд маш олон янз. Үүн дотроо ой хээрийн түймэр бол бидний, хүмүүсийн хүчин зүйлээс ихэнхдээ үүдэлтэй.

Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй ба эдгээр хөршүүдээс маань хил дамжин ой хээрийн түймэр орж ирэх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн биднээс бус манай хөршүүдээс ч гэсэн гамшиг бидний нутаг руу орж ирдэг байна.

Өнгөрсөн хавар цахим ертөнцөөр түймэрт туслах хөдөлгөөнүүд өрнөж, олон төрийн бус байгууллага, клуб хувь хүмүүс түймрийн эсрэг хамтдаа тэмцсэн тухай мэдээллүүд гарч байсан. Facebook, twitter-ээр хамтдаа түймэрт явцгаая, би машиныг нь гаргая гэж нэг нь уриалаад, зарим нь тэгье яаж явах вэ? машинд хаанаас суух вэ? хэзээ гарах вэ? бид юмаа бэлдчихлээ? Хөөе явна гэсэн яасан бэ? Худлаа хүн хошгируулаад… гэх мэтчилэн бөөн л юм болоод байсан. Гамшгаас хамгаалахад олон нийтийн оролцоог дэмжих, зохион байгуулах нь чухал.

Манай галынхан болон нутгийн иргэд үнэндээ улаан гараараа түймэртэй тэмцэж байна гээд хотоос очсон хэд маань халаглаж, төрийн сайд хүртэл мэдэгдэл хийж байлаа. Гамшигтай тэмцэх, гамшгаас хамгаалах үйлсэд манайхан хангалттай төсөв тавьж чадахгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд ч хэлээд амжсан.

Тэгвэл бид яах ёстой вэ? Дотоодынхоо нөөц бололцоогоор түргэн зуур дарж дийлэхгүй, нийтийг хамарсан гамшигт байдал бий болвол үүнийг бид олон улсад мэдээлэн, олон улсаас тусламж авах бүрэн боломжтой. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд гамшгийн эсрэг бүхий л үйл ажиллагаанд хамтран оролцох, Монгол Улсад туслах бүрэн боломжтойгоо манай улсад удаа дараа мэдэгдэж иржээ.

Гэхдээ хэрэв олон улсын тусламж авах шаардлагатай гамшиг болвол бидний зүгээс тэдний илгээх баг, тусламжийг хүлээн авахад бүрэн бэлтгэлгүй байна.  Тухайлбал, гадаад орны мэргэжилтнүүд яаралтай ирэхэд хилээр виз олгон оруулах, яаралтай орж ирэх бараа бүтээгдэхүүнийг ачсан тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх эсэх, олон улсын тусламжийг хил гаалиар саадгүй нэвтрүүлэх, Монгол Улсад байрлуулах, олон улсын гамшгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүн Монгол Улсаар дамжин өнгөрөх, олон улсын мэргэжилтнүүдийн мэргэжлийн үнэмлэх, дипломыг хэрхэн хүлээн зөвшөөрөх, Монгол Улсад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хэрхэн зөв оновчтой тодорхойлох гээд олон зохицуулалт манай улсын хуулинд одоогоор алга байна.

Манай онцгойгийнхон үүн дээр онцгойлон анхаарч ажиллаж байгааг сонсоод шинэ менежмент Монгол Улсад гамшгаас хамгаалах шинэ тогтолцоог бүрдүүлэх нь гэж найдаж сууна. Хүн туслая гээд байхад байж бай манайхан наад тусламжийг чинь яаж авахаа бодож байна, завгүй байна гээд суугаад байвал харамсмаар…

Гай газар дороос гахай модон дотроос гэж. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа бол зөвхөн гамшиг болохоор л яригддаг, эсхүл зөвхөн онцгойгийнхоны хийдэг ажил биш. Гамшиг болохоос өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш нарийн зохион байгуулах шаардлагатай байдаг. Хамгийн гол нь гамшиг боллоо гэж бодоход түүнийг түргэн шуурхай зогсоох чадавхитай байх ёстой.

Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай. Энэ нутагтайгаа харьцуулахад маш цөөн хүн амтай. Техник, технологи бүрэн хөгжөөгүйн улмаас малчин түмэн маань тэр бүр мэдээллийг бүрэн авч амжихгүй, амжлаа ч гарз багатай даван туулахад бэлтгэгдээгүй байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн зарим нэг сумын нутаг бараг бүхэлдээ шатсан байна. Тэр түймрийг унтраахын тулд маш олон хүн, багаж техник зэрэг хөдлөх ёстой. Гэтэл бид өөрсдийн хүчин чадлаараа зүтгэсээр байгаад унтраах гэж оролдсоор байтал тэр сумын газар нутаг бүхэлдээ шатаад дуусна. Хүн амын суурьшилт нь тархай, бутархай байдаг тулдаа монгол малчдын минь заяа түшдэг байх. Булган аймагт адуу азаргаараа шатсан эмгэнэлт мэдээ ч гарсан.

Манай Ерөнхийлөгчөөс авахуулаад олон хүн гал түймэртэй “танилцаж”, толгой сэгсэрч халаглаад, онцгойгийн дайчин эрсээ бахархан ярьж, тэд ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг ярьж, яриад л, толгой сэгсрээд л өнгөрдөг. Тэгээд энэ нөхцөл байдалтай танилцаж, өрөвдөж, бахархачихаад яг юу хийв? Төсвийг нь нэмсэн үү? Техникээр хангасан уу? Асуумаар зүйлс олон байна.

Энэ янзаараа байвал хотын утаа гэдэг сэдэв шиг л өвөл болохоор халаглаад, хавар болохоор түймэр гарлаа гэж бас халаглаад л өнгөрнө. Нэг л их халагласан хүмүүс.

Шийдэл. Нэн түрүүн маш яаралтай Гамшгаас хамгаалах тухай хуулиа шинэчлэн батлах, үүнийхээ үндсэн дээр Гамшгаас хамгаалах олон улсын дэд бүтцээ бий болгох, тухайлбал бусад улсад байдаг шиг тус улсад суугаа олон улсын болоод дипломат төлөөлөгчийн газруудын удирдлагуудыг уриалан нэг баг болгон бэлтгэх, Олон улсын Улаан загалмайн шугамаар орж ирэх болон Олон Улсын бусад тусламжийн бараа, дэмжлэг, тусламжийг хүлээн авах, байрлуулах, зохицуулах журмуудыг УИХ, Засгийн газраар батлуулах, тухайн орон нутгийн төсвийн тодорхой хувийг заавал гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулан төсөвлөх, гамшгаас хамгаалахад олон нийтийн оролцоог дэмжих, сургалт зохион байгуулах шаардлагатай байна.

Хуульч Б. Гүнбилэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here