Ардчиллын туг баригч

0
96

Монголд ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж,75 жил коммунист засаглалтай байсан улс орноо тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг бол яах аргагүй экс  ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм.

Ардчиллын анхдагч эл эрхмийн тухайн үед Коммунист төр засгийн эсрэг шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг бидэнд хэрэгтэй гэдгийг хэлж байв. Түүний дуудлагыг хүлээн авсан олон зуун залуу  үзэл бодлоороо нэгдэж цуглаан зохион байгуулах тухай зарлалаа шөнийн цагаар шонгийн моднуудад нааж,  ардчиллын салхи  анх манай нийгэмд сэвэлзсэн түүхтэй. Тун удалгүй буюу 1989 оны тавдугаар сарын 10-ны өглөө Монголын ардчилсан залуусын цуглаан болж Цахиагийн хүү Элбэгдорж Монголын ардчилсан хөдөлгөөн байгуулснаа тунхагласан юм. Тус хөдөлгөөнөөс хойш удалгүй Ардчилсан холбоо байгуулагдаж байв.

 Ардчилсан холбоо нь Монголын анхны төрийн бус ардчилсан байгууллага бөгөөд өдгөөгийн төр улсын тэргүүн Ц.Элбэгдорж үндэслэн байгуулагчдын нэг юм. Жагсаалаар эхэлсэн хөдөлгөөн орон даяар давалгаалж улам хүрээгээ тэлсэн тул МАХН-ын Улс төрийн товчоо хөдөлгөөний удирдагчтай хэлэлцээ хийхэд хүрсэн юм. Тэрхүү хэлэлцээрт оролцсон гол хүн нь Ц.Элбэгдорж байв. Хэлэлцээрийн дүнд Улс төрийн товчооны дарга Ж.Батмөнх улс төрийн товчоог татан буулгаж, ингэснээр Монгол ардын их хурал байгуулах шийдвэр гаргаж ардчилал эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулиа баталснаар манай улс ардчилсан орон болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг тэрбээр тухайн үед хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг огтоны хамраас цус гаргахгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Ийнхүү манай коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол Улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм.

Үүнээс хойш  ардчилагч залуу лидер “Ардчилал” сонинг байгуулж эрхлэгчээр ажилласан нь чөлөөт хэвлэлийг анх бий болгож хамгаалсан үйл хэрэг гэдэгт олон хүн санал нэгддэг. Түүнчлэн Ардын их хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа, 1999-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хүний эрх, ардчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцсан юм. Түүнчлэн МАХН-ын засаглалын үед хэлмэгдүүлсэн 37000 гаруй хүний ар гэрт төрөөс уучлал үзүүлэх арга хэмжээг удирдаж нөхөн олговор олгуулж цаашид хүний эрхийг зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Энэ хүн анхны Аж ахуйтны нийгэмлэгийг үүсгэн байгуулж малчид малаа хувьчилж авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гээд түүний ардчилсан нийгмийн тогтолцоонд оруулсан хувь нэмрийг тоочвол урт жагсаалт хөвөрнө.

Тиймдээ ч өдгөө олон улсад “Цахиагийн Элбэгдорж эрхмийг Монголын Томас Жефферсон” гэж АНУ-ын тусгаал тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг нь санамсаргүй зүйл биш юм.

Малчны хүү манлайлагч болсон түүх

Түүхийн  намтрын хуудсыг сөхвөл, тэрбээр Ховд аймгийн Зэрэг суманд  Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны гуравдугаар сарын сүүлийн өдөр тэдний найм дахь отгон хүү болон мэндэлжээ. Тэрбээр жирийн малчин айлд  хүй тасарсан тул багадаа ишиг, хурга, унагатай тоглож өссөн нэгэн. Зэрэг сумын малчдын дурссанаар  энэ цагийн эрхэм хүний ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа хүндтэй хүн байв. Хол мордохын өмнө нутгийн хүмүүс Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургуулийг сонсоод  мордох дуртай байсан тухай  нутгийнхан одоо ч хуучилдаг. Хонинхүүгийн хоёр дахь хүү нь отгон дүүдээ Ц.Элбэгдорж гэдэг нэрийг хайрласан тухай тэрбээр нэгэн сэтгүүлчид дурсан ярьсан байдаг.

 Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа онц дүүргэж, 1981 онд Эрдэнэт хотод арван жилээ алтан медалтай төгссөн нэгэн. Дунд сургуулиа төгссөн жил нь өөрийнх нь хүсч байсан сэтгүүл зүйн ангийн хуваарь ирээгүй тул цэргийн алба хааж улмаар Улаан-Од сонинд шүлгүүдээ илгээснээр нэг л өдөр Батлан хамгаалах яамны том дарга нарын хараанд өртөж хойд хөрш рүү Улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр суралцахаар явж улмаар сургуулиа онц дүнтэй төгсч ирсэн байна. Ийнхүү ажлын гараагаа сониноос эхэлсэн эл эрхэм хожмоо улс төрийн хүчтэй лидерүүдийн нэг болж, ардчилсан улсыг бүтээн байгуулсан түүхийн хүмүүсийн нэгт зүй ёсоор тооцогдоно гэж тэр үед хэрхэн төсөөлөх билээ.

Ардчилсан улсын түүхэнд ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь тэр. АН-ын дарга Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ намын ардчилсан холбоо эвслийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны УИХ-ын сонгуульд түүхэн ялалтад хүргэсэн.Тэр 1996-2000 онд олонхын бүлгийн ахлагч 1996-1998 онд УИХ-ын дэд даргын албыг хашч байв. 1998 онд түүхэндээ хамгийн залуу ерөнхий сайдаар сонгогдсон эл эрхэм ажиллах хугацаандаа Монголын хөгжилд хамгийн том тээг болсон авлигал ядууралтай дайн зарласан. Тэр УИХ-ын 2005 оны дөрөвдүгээр сарын 8-ны хуралдааны үеэр “Би авлигалын учир шалтгаан, эхийг нь мэдэж авлигалыг бульдозердоно” хэмээн мэдэгдсэн нь олон авлигчдын эгдүүцлийг төрүүлсэн юм. Тухайн үед хүнд суртал,авлигал хээль хахууль цэцэглэчихсэн, тэрхүү хууль бус үйлдэлдээ улс төрчид нь холбогдчихсон байсан үе.

Гэхдээ тэр авлигатай тэмцэж эхэлснийхээ төлөөсөнд улс төрийн тойргоос хасагдаж байв. Хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар ажиллаж, эвслийн засгийг удирдаж байхад нь хамтрагчид нь “Авлигатай хангалттай тэмцээгүй” гэсэн үндэслэлээр огцруулж байв. Хэдийгээр тухайн үед ард иргэд  энэхүү шийдвэрийг ард иргэд хүчтэй эсэргүүцэж байсан ч тусыг эс олов. Гэхдээ түүний огцорсон үйлдэл нь тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн булхайг илчлэх шалгалтыг хийлгэхийг таслан зогсоосон арга хэмжээ гэдгийг  учир мэдэх хүмүүс гэрчилдэг. Огцрохоосоос өмнө Ц.Элбэгдорж ерөнхий сайдын багийнхан МАХН-аас томилсон Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарыг авлигын хэргээр баривчилсан бөгөөд тэрбээр авлигын сүлжээнд МАХН-ын удирдлагууд түүний гол сүлбээтэн хэмээн хэвлэлүүд шуугиж байсан цаг үе. Ц.Элбэгдоржийг огцруулах шийдвэр Улаанбаатар хотын сангуудад санхүүгийн шалгалт хийж эхэлсэнтэй зэрэгцэн тохиосон нь сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг батлах шиг болсон. Тэрбээр 2006 оны нэгдүгээр сард огцрохдоо “Бид олуулаа болоод эргэж ирнэ” хэмээгээд суудлаа өгч байв. Огцорсноос гурван жилийн дараа АН-аас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшиж ялалт байгуулан гарч ирж авлигалтай тэмцэн, төрийн хүнд суртал арилгахаар ханцуй шамлан ажилдаа орсон билээ. Төрийн тэргүүн ард түмнийнээ ахуй амьжиргааг өөд татахаар ажиллаж юмны үнэ өсдөг биш тогтвортой байдаг. Бүр буурдгийг харуулаад авсан.

Хээл, хахууль авлигатай тэмцэх ажил үр дүнгээ өгч ард түмний хаалаас тэмтэрдэг авлигчид айж, эмээдэг цаг өдгөө ирсэн гэдгийг хэн хүнгүй гадарлахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд олон нийт айдас хүйдэс, хүнд суртал, авлига цэцэглэсэн нийгэмд аж төрж байсан бол өдгөө авлигачид, авлигын сүлжээнд орсон албан тушаалтнуудын эмээх цагийг авчрахад тэр онцгой үүрэг гүйцэтгэж яваа нэгэн. Өдгөө бид айх нь бүү хэл үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж сууна. Ёстой нөгөө хүний зоо тэнийнэ гэгч нь болоод буй.Тэр авлига, хээл хахууль, шүүх засаглалд бугшсан идээ бээрийг шахаж байна.

Аавын ээжийнхээ өврөөс ард түмнийнхээ өвөрт шилжиж 1990 онд цэрэг шинелээ тайлж сүхийн талбайд ардынхаа дунд ардчилсан хувьсгал руу орж өдгөөгийн хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бүтээх хүртэл урт зам мөрийг туулсан түүнд монголчууд хоёр дахь удаагаа итгэл үзүүлж төрийн тэргүүнээрээ сонголоо. Тэр өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх ажлынхаа хажуугаар дэлхийн энэтэй улс төрч гэдгээ нотолсон олон  зүйлийн эхлэлийг тавьсан юм. Тэр одоо ч, ирээдүйд ч энэ төрийн чухал хүн гэдэг нь бүтээсэн үйл хэргээс нь харагддаг.

Н.Бүжин

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here